С.Баярцогт: Швейцариас авчирсан гээд буй бүх мэдээллийг би өмнө нь АТГ-т өгсөн

2019-03-20 166 0

Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор дансны хуулгыг Швейцарийн банкнаас Гадаад харилцааны яаманд шилжүүлснийг Монгол Улсад авчирсан гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд цацагдаад буй.

Тус мэдээлэлтэй холбоотойгоор С.Баярцогт өнөөдөр мэдээлэл хийж, холбогдох материалуудыг дэлгэлээ.

Мэдээллийн үеэр тэрээр “700 гаруй хуудас материалыг би өөрөө нэгдүгээр сард сайн дураараа АТГ-т аваачиж өгсөн. Яг албан ёсоор сая УИХ-ын даргын айлчлалын үеэр ирсэн юм шиг байна. Т.Аюурсайхан гишүүн энэ материалыг авчирсанд баяртай байна. АТГ, Гадаад харилцааны яам, прокуророос мэдээлэл хийх байх. 

Байгаль орчныг хамгаалах хуульчдын холбооны дэд тэргүүн н.Туяацэцэг нарын гаргасан материалууд бүгд хуурамч гэдгийг Швейцарийн тал хэрэг бүртгэн шалгах явцдаа бүгдийг нь тодорхойлоод ирүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл хуурамч материалаар хүнийг гүтгэж, хэрэг үүсгэсэн байна гэсэн.

Та бүхэн санаж байгаа байх. Өмнө нь буюу 2017 онд н.Туяацэцэг, Цэнхэр үстэй эмэгтэй нар Швейцараас ийм материал авчирлаа гээд ярьж байсан. Тэр бол бүгд хуурамч гэдгийг энд нотлосон байгаа. Тэгэхээр миний ярьж буй зүйл, гаргаж тавьсан материалууд Швейцариас ирсэн материалуудтай бүрэн батлагдах учраас оффшортой холбоотой хэрэг удахгүй цэгцэрч, хаагдана гэдэгт би итгэлтэй байна. Энд гэмт хэрэг үйлдсэн ямар ч асуудал байхгүй. Үүнийг хууль хяналтын байгууллагууд нягтлаад гаргачих байх.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд байгууллага болон хувь хүний нууц гэж байдаг. Хэрвээ тэрийг Т.Аюурсайхан гишүүн мэдээд ярьж буй бол тэр ямар нэгэн байдлаар хуучирсан байна гэсэн үг. Хоёрдугаарт, дансны хуулга маш олон мэт харагдаад буй нь ямар учиртай вэ гэхээр өөр улс руу явах бүрт тус улсын валютаар хуулга гаргаж өгдөг. Тиймээс олон мэт харагдаж байна.

УИХ-ын гишүүний өндөр нэр хүнд, дээрээс нь УИХ-ын даргынхаа нэрийг ашиглаж иргэдэд буруу мэдээлэл өгч буй нь туйлын хариуцлагагүй үйлдэл. Шударга ёс, оффшорын эсрэг тэмцлээ хийх хэрэгтэй. Гэхдээ үүнийгээ хуулийн хүрээнд хийх ёстой” гэлээ.

С.Баярцогтын хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь байна.

Холбоотой мэдээ