“Рич голден буллс эдукэшн” компанийнхан сургууль, цэцэрлэгийн 23 барилгыг царцаажээ

2019-03-19 187 0

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сургуулиуд гурван ээлжээр хичээллэдгийг ирэх есдүгээр сар гэхэд болиулж, бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах үүргийг холбогдох яамдад өгсөн. Гэвч үүргийг биелүүлэхэд хүндрэлтэй аж. 

Тухайлбал, “Рич голден буллс эдукэшн” компанийнхан сургууль, цэцэрлэгийн олон барилгыг царцаасан нь хүүхэд бүр цэцэрлэгтэй, сурагчид шахцалдахгүй сурах боломжийг хаажээ. Засгийн газар 2013 онд 72 сургууль, цэцэрлэгийн барилга барих шийдвэр гаргаж, “Рич голден буллс эдукэшн” компанийг шалгаруулсан.

Улмаар концессын гэрээ байгуулсан ч дээрх компани заасан хугацаанд ажлаа гүйцэтгээгүй тул 2015 онд эрхийг нь “Топ интернэшнл инженеринг Монголиа” компанид шилжүүлсэн байна. Гэвч “Рич голден буллс эдукэшн”-ийхэн Улсын дээд шүүх хүртэл заргалдаж эрхээ сэргээлгэжээ. 

Засгийн газар 2018 оны тавдугаар сард тухайн компанийн гэрээг сунгаж, 23 барилгыг барьж дуусгах чиглэл өгчээ. Харамсалтай нь, тус компанийнхан өнөөдрийг хүртэл ажлаа гүйцэтгээгүй байна. Хариуцсан барилгуудынх нь гүйцэтгэл ердөө 5-20 хувьтай, суурийг цутгаж орхисон төдий аж. Тиймээс БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг заасан хугацаанд ажлаа гүйцэтгээгүй дээрх компанийг хар жагсаалтад оруулж, концессын гэрээг цуцлуулахаар Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид хандах болжээ.

Холбоотой мэдээ