1,072 хувьцааны ногдол ашиг авах дансаа ОНЛАЙНААР нээлгэх боломж

2019-03-18 74 0

Үнэт цаасны зах зээлд брокер, диллер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий Гүүдсек Үнэт цаасны компани Монголд анх удаа үнэт цаасны онлайн системийг нэвтрүүлээд байна. Энэ талаар тус компанийн Гүйцэтгэх захирал У.Энхтайвантай ярилцлаа. 


 Танай компани үнэт цаасны онлайн системийг гуравдугаар сарын 6-ны өдөр нэвтрүүлээд байгаа. Энэ системийнхээ талаар танилцуулахгүй юу?

– Хөрөнгийн зах зээлийн одоо тулгараад байгаа гол асуудлуудын нэг нь иргэд харилцагчид үнэт цаастай хобоотой чухал үйлчилгээнүүдийг авахдаа заавал биеэр Үнэт цаасны компанид очиж үйлчлүүлэх шаардлагатай байсан. Энэ тулгараад байгаа асуудлуудыг цахим хэлбэрээр шийдэх замаар хүмүүсийн зах зээлд оролцох идэвхийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж цахим үйлчилгээгээ нэвтрүүлсэн байгаа. Цахим орчин учраас тухайн иргэнийг өөрийг нь баталгаажуулах нэн чухал л даа. Тэгвэл манай цахим систем тухайн иргэнийг ийнхүү баталгаажуулах үйл явцыг Үндэсний дата төвтэй хамтран төрийн мэдээлэл солилцооны “Хур” системээр дамжуулан шийдэж байгаа юм.

– Тэгвэл орон зайнаас үл хамааран иргэд хувьцааны данстай холбоотой бүх үйлчилгээг цахимаар авах боломжтой болох нь. Танайх цахимаар иргэдийн бүртгэлийг авчихлаа гэхэд ҮЦТХТ тэр мэдээллийг мөн л гар ажиллагаагаар шивж оруулна гэсэн үү?

– Өнгөрсөн оны зургадугаар сараас хойш ҮЦТХТ-тэй манай компанийнхан хэд хэдэн удаа уулзсан юм. 1,072 хувьцаатай холбоотойгоор ачаалал ихсэх нь тодорхой болсон. Яагаад гэвэл тухайн үед Монгол Улсын хэмжээнд “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч 2.5 сая гаруй иргэнээс дөнгөж 20 хүрэхгүй хувь нь үнэт цаасны дансаа нээлгэж баталгаажуулаад байсан. Энэхүү ачааллыг цахим үйлчилгээ нэвтрүүлэх замаар шийдэх саналыг бидний зүгээс тавьж ярилцсан. Хүндрэлтэй асуудлууд ч байлаа. Гэхдээ ҮЦТХТ энэ гуравдугаар сарын 18-аас эхлэн харилцагчдын мэдээллийг цахим хэлбэрээр хүлээн авахаар болж энэ тухайгаа мэдэгдээд байна. Иймээс харилцагчдын мэдээллийг цахим хэлбэрээр солилцно.

– Хугацааны хувьд иргэдийн цагийг хэрхэн хэмнэж байгаа гэсэн үг вэ? ҮЦТХТ цахимд шилжсэнээр иргэдийн мэдээлэл шууд тэр дороо баталгаажна гэж ойлгож болох уу?

– Дээр дурдсанчлан өмнө нь харилцагч аль нэг салбар дээр биеэр ирж, холбогдох материалыг бөглөснийг нь нэгдсэн систем рүү шивж оруулдаг байсан. Ялангуяа, данс нээлгэх үед хөдөө орон нутгийн хувьд өргөдөл гаргасан хүн бүрийн цаасан материалыг нийслэл рүү явуулах гээд зардал мөнгө, хугацаа их ордог байсан. Ингэж ажиллахад ачаалал багатай үед ҮЦТХТ өдөрт нь амжуулаад харилцагчийн дансыг нээгээд, цаасыг нь цэгцлээд явдаг байв. Харин 1,072 хувьцаатай холбоотойгоор өнгөрсөн оны сүүлийн хагасаас ачаалал ихсэж энэ ажиллагаа маань 1 сар ба түүнээс ч илүү хугацаагаар хоцорсон. 200 гаруй мянган иргэний баталгаажилт ҮЦТХТ-д хүлээгдэж байна. 

Тэгвэл цахим системд шилжсэнээр онлайнаар бүртгүүлсэн иргэдийн мэдээллийг бид өдөр өдөрт нь ҮЦТХТ-рүү тодорхой нууцлалын дагуу илгээснээр одоо 2-3 сар хүлээгдээд байгаа үйл явцыг ажлын 2-3 хоногт баталгаажуулахаар байгаа. Гэхдээ энэ хугацааг цаашид илүү богино болгох  тал дээр ажиллана. Учир нь 2-3 хоног гэдэг арилжаанд оролцох хүсэлтэй хүний хувьд урт хугацаа юм. 

– Цахим системээр анх удаа данс нээлгэж, бүртгүүлэхээс гадна өөр ямар үйлчилгээнүүдийг авах боломжтой вэ?

– Манай систем нь одоогоор 3 төрлийн үйлчилгээг авч болно.  

Нэгдүгээрт, харилцагчийн дансыг нээж бүртгэнэ. 

Хоёрдугаарт, харилцагч өөрийн дансаа хянах, удирдах боломжтой болно.

Харилцагч өөрийн нууцлалуудын дагуу www.goodsec.mn сайтаар нэвтрээд дансныхаа үлдэгдлийг харах, хувьцааны арилжаанд шинээр орох гэж байгаа бол дансандаа мөнгөө байршуулаад, түүнийгээ хянаад, хувьцааныхаа тоо ширхгийг харах, цаашлаад хувьцааны дансандаа орсон ногдол ашигаа өөрийн харилцах дансруугаа татах зэрэг боломжтой.
 
Гуравдугаарт, Монголын Хөрөнгийн биржийн арилжаанд зуучлуулах буюу арилжааны захиалгыг онлайнаар өгч болно. Иргэд 1,072 хувьцааны хувьд данс нээлгэж бүртгүүлэх нь л гол гэсэн буруу ойлголттой байх шиг байна. Дараа дараагийн ажлууд болох ногдол ашгийн мөнгөө татаж авах, хувьцаагаа зарах зэрэг нь илүү чухал, илүү ач холбогдолтой. Мөн хувьцаа эзэмшигчийн үндсэн эрх болох саналын эрхээ эдлэх нь гол шүү дээ.

– 1,072 хувьцааны дансаа хүмүүс хэр идэвхтэй нээлгэж байна вэ? Ачаалал ихэссэн талаар компаниуд ярьж байгаа. 

– 2018 онд “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллаж, ногдол ашиг тараах талаар мэдээлсэнтэй холбоотойгоор идэвхжиж байна. Ерөнхийдөө өнгөрсөн оноос идэвхжсэн. Улсын хэмжээнд өмнө нь данстай байсан хүмүүсийг оруулаад нийт 1.3 сая орчим иргэний бүртгэл баталгаажчихсан. Цаана нь 200 гаруй мянган хүний баталгаажилт хүлээгдэж байна. Үүний цаана дахиад 1.1 сая гаруй иргэн ямар нэгэн байдлаар хүсэлтээ өгөөгүй, бүртгүүлэх шаардлагатай байгаа. 

– Орон нутгийн иргэдийн хамрагдалт муу байгаа хэрэг үү?

– Үгүй ээ, эсрэгээрээ орон нутгийнхан харьцангуй идэвх сайтай байгаа. Жишээ нь, манай компани 2009 оноос Завхан, Хөвсгөл аймгийг хариуцан ажиллаж байна. Завхан аймгийн хэмжээнд иргэдийн 70 орчим хувь нь дансаа нээлгэсэн бол Хөвсгөл аймаг 60 гаруй хувьтай байгаа. 

2018 оны наймдугаар сард манай “Гүүдсек” компани Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай гэсэн баруун бүсийн дөрвөн аймагт шинээр салбараа нээж, харилцагчдад үйлчилгээ үзүүлэх эрх авсан. Энэ дөрвөн аймгийн хувьд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар данс нээлгэлт 50-60 хувьтай байна. Манай ажиллаж байгаа орон нутгийн иргэд харьцангуй мэдээлэл сайн авч байгаа. Гол нь хөдөө мал дээр байдаг иргэд үйлчлүүлэхэд орон зайн асуудал байгаа юм. Үүнийг шийдэхэд онлайн системийн ач холбогдол оршиж буй. Гар утсаараа хаа ч байсан интернэтэд орох боломж бүрдчихсэн учраас. 

2019 онд мөн Говийн бүсэд салбаруудаа нээсэн. Тодруулбал, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр болон Сэлэнгэ аймгийн иргэдэд хүрч ажиллахаар зөвшөөрөл авсан. Эдгээр аймагт өмнө нь үнэт цаасны өөр компаниуд ажиллаж байсан ч цаана нь хувьцааны дансгүй иргэд тал хувийг нь эзэлж буй. Энэ хүмүүст хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс ажиллаж байна. 

Үүний тулд аймаг, сумдын ЗДТГ, Санхүү, төрийн сангийн хэлтэст бид мэдээлэл хүргүүлэн хамтран ажиллаж байгаа. Харин нийслэлийн иргэд маань мэдээлэлд ойр хэрнээ хойрго байх шиг. 

– Орон нутагт салбар ажиллуулахад тулгамдаж буй бэрхшээл байна уу?

– Салбаруудтай холбоотой нэг асуудал бий. Үнэт цаасны зарим компани орон нутагт тогтмол үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй хэрнээ аяллын журмаар ч юм уу очоод иргэдийг бүртгээд, өөрийн харилцагч болгоод авчихдаг. Тэгээд хот руугаа буцаад ирчихдэг. Болохгүй зүйл байхгүй ч энэ нь эргээд харилцагчдад хүндрэл үүсгэж байгаа юм. Тухайлбал, тухайн харилцагч ногдол ашиг авах, хувьцаагаа зарах, арилжаанд оролцох хэрэгцээ гарахад нөгөө компаниудаа хайж, араас нь Улаанбаатар хотод ирэх болдог. Тиймээс албан ёсоор зөвшөөрөл аваад, салбар байгуулаад иргэдэд тогтвортой үйлчилгээгээр хангах нь чухал байна. 

– Гэхдээ иргэд зөвхөн анхны данс нээлгэсэн брокерын компаниараа заавал үйлчлүүлэх албагүй биз дээ. Өөр компани руу дансаа шилжүүлэх боломжтой байх аа?

– Боломжтой. Жишээ нь, өнөөдөр хүн бүр 2-3 арилжааны банканд данстай бөгөөд үйлчилгээнийх нь төрлөөс хамаараад аль алийг нь хэрэглэдэг шүү дээ. Цалингаа нэгээр нь авдаг бол нөгөөгөөр нь зээлээ төлдөгтэй адил. ҮЦК-ууд ч гэсэн өрсөлдөгчид. Дотроо үйлчилгээгээрээ өрсөлдөөд явдаг. 

– Тэгвэл танай компанийн бусад 50 гаруй брокерын компаниас ялгарах онцлог нь юу вэ?

-Мэдээж цахим систем нэвтрүүлж байгаа нь бидний том давуу тал. Хоёрдугаарт, бидний ажилласан туршлага. Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа үнэт цаасны  50 гаруй компаниас хамгийн олон харилцагчтай нь “Гүүдсек” компани. Өнөөдрийн байдлаар бид 300 орчим мянган харилцагчтай болчихоод байна. Өнгөрсөн 2017-2018 онд ҮЦТХТ-өөс гаргасан данс нээгдсэн тайлангийн нэгтгэлийг та бүхэнд хүргэе.

Орон нутагт хамгийн олон салбартай нь манай компани байгаа. Орон нутгийн иргэдээс гадна гадаадад олон арван мянган монголчууд ажиллаж, амжьдарч байгаа шүү дээ. Тэр хүмүүст мөн адил хүрч үйлчлэхийн төлөө энэ шинэчлэлүүдийг хийж байгаа юм. 

– Тэгвэл гадаадын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох боломжийг олгоно гэж ойлгож болох уу?

– Одоохондоо бид судалгаа хийгээд, бэлтгэл ажлаа базаагаад явж байна. Яваандаа энэ үйлчилгээг нэвтрүүлнэ.

– Цаашид төлөвлөсөн ажлууд бий юү?

– Зах зээлд тулгараад байгаа, хамгийн эхний шийдэх асуудал нь харилцагчийн баталгаажуулалт байгаа. Үүнд төрөөс нэвтүүлсэн, Үндэсний дата төвийн “Хур”, “Дан” систем маш чухал үүрэг гүйцэтгэхээр байна. Энэ системүүдээр дамжуулаад харилцагч иргэний баталгаажуулалтыг ийнхүү цахимаар хийх боломж бүрдэж байна. Мэдээж бүх хүн гар утас, компьютерээсээ ороод хэрэглэж гэвэл үгүй л дээ. Гэхдээ нэгэнт 2.5 сая иргэн хөрөнгийн зах зээлд оролцох эрх нь бүрдчихээд байгаа тул боломжоор нь хангах нь холбогдох байгууллагуудын хийх ажил, шийдлүүдийг ярилцаад явж байна. Бүгд нэгдсэн шийдэлд орчихвол холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд өөрчлөлтүүдээ оруулаад цаг үетэйгээ нийцүүлээд явах байх. 

Иргэд та бүхэн “Гүүдсек” Үнэт цаасны компанийн www.goodsec.mn хаягт хандан үнэт цаасны дансаа нээлгэх боломжтой.

Холбоотой мэдээ