Avengers: Endgame трэйлерийг задлах нь

2019-03-18 93 0

Avengers: Endgame-ийн хоёр дахь трэйлер “ирлээ”. Marvel киноны үйл явдлыг “хөнжил доор нуусан” байгаа ч шинэ трейлерийг анхааралтай ажвал хэд хэдэн чухал зүйлсийг мэдэж болохоор байна.

Өмнөх анги болох Infinity War-т үзэгдээчгүй Хоукая сүр дуулиантайгаар эргэн ирж, Ахмад Америк шинэ өмсгөлтэй болж, Авенжерүүдийн өнгөрсөн үе ээлж дараалан гарсаны учир юу вэ. Бидэнд одоогоор ил болсон 10 зүйлийг танилцуулъя.

#1. Марвэл кино ертөнц (MCU)-ийн дурсамжууд

Шинэ трэйлерийн дийлэнх хэсэг хуучин киноны хэсгүүдээс бүрдсэн. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд баатруудын давж туулсан зүйлс гарсан ба Тони Старк барьцаалагчдын гараас мултрахын тулд бүтээсэн анхны өмсгөлтэйгөө байхаас эхэлнэ. Үүний дараа Стив Рожерс Америкийн цэргийн албанд элсэж, эх орноо хамгаалахаар мөрөөднө. Мөн Стив насан туршийн хайр Пэгги Картертай Captain America: The Winter Soldier ангид ярьсан яриа сонсогдоно. Товчхондоо “Бид өнгөрсөн рүү буцаж чадахгүйгээс хойш хамгийн зөв арга бол бүгдийг эхнээс нь эхлэх” гэж хэлдэг. 

Энэ бүх хуучин хэсгүүд Авенжерүүд өнгөрсөн хугацаанд хэр их зүйл алдсаныг үзэгчдэд эргэн сануулж байх шиг. Хуучин бүх хэсгүүд зөвхөн саарал, улаан өнгөөр дүрслэгдсэн нь үхэл, хагацалыг билгэдсэн.

#2. Хоукаяын гол дүр (Hawkeye)

Энэ удаагийн трэйлерт Хоукая шинэ дүр төрхтэйгөөр удаа дараа гардаг. Нэг хэсэгт хар үстэй охинд нум сум сургах нь харагдана. Комик номд Кэйт Бишоп гэгч өсвөр насны баатар Хоукаяын өвийг залгамжилдаг. Магадгүй трэйлерээр гарсан тэр охин Кэйт Бишоп байх. Мөн Хоукая Наташа хоёр уулзахад сэтгэл хөдлөл дүүрэн байсан нь түүний бүх зүйл болсон гэр бүлээ алдаж, ойр дотныхноос нь Наташа л үлдсэнг харуулсан болов уу.

#3. Блэк Уидовын үсний өөрчлөлт (Black Widow)

Наташа Романовагийн үсний засалт Avengers киноны туршид хэрхэн өөрчлөгдөж байгааг анзаарахгүй байхын аргагүй. Романовагийн үс шаргал, улаан, богино, урт, боосон, задгай гээд төрөл бүрээр өөрчлөгдөнө. Түүний үс байнга өөрчлөгддөг ч энэ удаад бол хоёр л шалтгаан бий. Нэг бол Авенжерүүд цаг хугацаагаар аялсан, нэг бол Романовагийн үсчин энэ ангид “илүү цагаар ажилласан” байна.

#4. Хүн шоргоолж эргэн ирлээ

Шинэ трэйлерт Хүн шоргоолж квант хэмжээсээс гарч ирээд эзгүй хойгуур нь болсон аймшигт явдлыг мэддэг. Алга болсон хүмүүсийн зар бүхий шонгийн ард байгаа байшин, хуучирсан зар зэргийг харахад Inifnity War-аас хойг нэлээдгүй цаг хугацаа өнгөрсөн нь тодорхой. Үүнээс хойш Хүн шоргоолж харандаа, микрофон дээгүүр үсрэх л харагдсан. 

#5. Токио

Авенжерүүдийн Quinjet онгоц Токиод газарддаг. Гэхдээ Токиогийн байр байдал Нью Йорктой харьцуулахад хавьгүй дээр байр байдалтай харагдана. Эндээс Хоукаяыг Ронин болсон байхад нь олсон байх. (Ронин нь Хоукаяын alter ego буюу өөр дотоод хүн, дүр нь юм)

#6. War Machine, Rocket Racoon

Endgame анхны 6 Авенжерт төвлөрөх ч трэйлерээс харахад “шинэ” гишүүдийн хэсэг хэд хэд харагдана. Энэ дундаас хамгийн гоё нь War Machine шинэ найз Rocket Raccoon-тэйгээ тулаанд бэлдэж буй нь. Гэхдээ энэ хэсэг хэзээ, хаана өрнөж байгаа нь одоогоор тодорхойгүй. Мөн Небюла ч хаа нэгтээ тулалдаж байдаг. Магадгүй Таностой Титан гараг дээр хийсэн тулааны дараа байх.

#7. Ахмад Америкийн шинэ өмсгөл

Endgame ангиар бид Ахмад Америкийн шинэ өмсгөл, бамбайтай танилцах нь. Civil War анги дээрхтэй өнгө, загвараар төстэй ч сайн харвал комик ном дээрхтэй адил гархин хуягаар хийгджээ. 

#8. Ижилссэн өмсгөл

Энэ удаагийн трэйлерийн хамгийн огшоом хэсэг үлдсэн Авенжерүүд цуглаж нэг өмсгөлөөр ижилсэн даалгавар биелүүлэхээр явж буй хэсэг. Эхлээд хүмүүс тэднийг Тони, Небюла хоёрыг аврахаар явж байгаа гэж бодсон. Гэтэл тэд хэдийнэ бусадтайгаа цугласан байх аж. 

Шинэ өмсгөл Ant-Man and Wasp анги дээрх хүн шоргоолжуудын өмсгөлтэй маш адилхан байсныг харгалзаж үзвэл Авенжерүүд Квантын хэмжээс рүү орохоор зэхэж байх магадлалтай. Ингэснээр цаг хугацаагаар аялж, Таносын төлөвлөгөөг зогсоох уу? Харцгаая. 

#9. Хоёр даалгавар

Гэтэл дээрх цуглаанд хамгийн хүчирхэг гишүүд болох Ахмад Марвэл, Тор, Халк гурав байгаагүй нь хачирхалтай. Магадгүй тэд өөр даалгавар биелүүлэхээр салж явсан байх. Бусдыгаа Квант хэмжээс рүү орж цаг хугацаагаар аялахад нь Таносыг саатуулж байсан ч байх магадлалтай. 

#10. Кэрол, Тор хоёр

Кэрол буюу Ахмад Марвэл трэйлерийн турш гарахгүй байсаар дөнгөж төгсгөлд нь Тортой хошигноод өнгөрдөг. Captain Marvel-ын төгсгөл хэсэгт Кэрол Авенжерүүдтэй нэгдсэнээс хойших үйл явдал гэдэг нь тодорхой.

Холбоотой мэдээ