Н.Алтанхуяг: Би хариуцлагаа ухамсарлаж, Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өглөө

2019-03-15 182 0

Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөхийн ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө өгчээ.

Энэ талаар Н.Алтанхуяагаас тодруулахад “Ерөнхийдөө хоёр нөхцөл үүсээд байна. Нэгдүгээрт, Монголын нийгэмд шударга ёсыг сэргээн тогтоох чиглэлээр шинэ Ерөнхийлөгч гарч ирснээс хойш буюу сүүлийн 2 жилийн хугацаанд цочоо үүсч, олон зүйл болохгүй байсан байна гэдэг нь илчлэгдсэн. Ингэснээр Монголчуудын хувьд энэ маань зөв гольдрил руу явах нь уу гэсэн горьдлого бага хэмжээгээр бий болж байна. Би нэг жил 8 сарын хугацаанд Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллаа. 

Би өөрөө Монгол Улсын Ерөнхий сайд хүртэлх ажил хийж байсан хүний хувьд цаашид надад ярих, хийх зүйл олон байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг хүн өөрийн байр сууриа илэрхийлж, хэлж ярихаар энэ нь Ерөнхийлөгч дээр хаяглагдаад байдаг юм байна. Ерөнхийлөгч Х.Баттулга нь Н.Алтанхуягтаа ингээд хэлчих гэсэн байх гэсэн яриа гараад байна. Санаатай, санаандгүйгээр ингэж мушгиж, гуйвуулаад байх юм. 

Тиймээс Ерөнхийлөгчийн Зөвлөхийн ажлыг өгөөд улс орондоо шударга ёсыг сэргээн тогтоох, иргэд боломжийн амьдралтай болох, газрын доорх баялгаа цөөнх нь аваад идчихдэг зэргийг зогсоох асуудалд хувь хүнийхээ хувьд өөрийн бодсон зүйлсийг чөлөөтэй хийх боломжийг олж авъя гэдгээ Ерөнхийлөгчид хэлсэн. Улмаар өргөдлөө өгч, Ерөнхийлөгчийн зөвлөхөөс чөлөөлөгдөж байна. 

Бас нэг ноцтой зүйл байна. Сүүлийн үед манай намын гишүүд над руу маш их хандаж байна. 

Тэд  “нэгдүгээрт, та амиа бодож байна. Хоёрдугаарт, таны яриад яваад буй шударга бус зэрэг элдвийн юм чинь манай АН-д нүүрлэлээ. Тэр Ц.Элбэгдорж, н.Энхболд нарын гар хөл болсон хамсаатнууд АН-ын удирдлагад гараад ирсэн. Бид юуны төлөө 30 жил явсан юм. Сүүлдээ АН-ын гишүүд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хамтран идэгсдийн тоонд орлоо. Мөн тэр 60 тэрбум зэрэг асуудалд бид оролцоогүй, эсэргүүцэж байна. Гэтэл АН-ын зарим удирдлага, тэр дотроо С.Эрдэнэ УИХ дээр баахан шившгийн зүйлс хийлээ. Та одоо юу хийгээд байгаа юм” гэх юм.

Тэгэхээр нь би өөдөөс нь “Би улстөржиж болохгүй. Ерөнхийлөгчийн институтын хүн” гэж хэсэг амиа аргалж явлаа. 

Одоо тэгэж болохгүй юм байна. АН гэдэг 2-3 хүний нам биш. 30 жилийн турш ардчиллын төлөө явсан АН-ын олон мянган гишүүний сэтгэл, зүтгэлийг ингээд хэдэн хүн, МАНАН-гийн тоглоом болгоод хаячихаж болохгүй юм байна. Би тэгээд хариуцлагаа ухамсарлаж байна. АН-ынхаа мянга мянган гишүүний өмнө “Хамтраад намаа цэвэрлье” гэдгээ хэлье. Улс орноо сэргээн тогтооход хамтран ажиллая” хэмээлээ.

Холбоотой мэдээ