Захирал М.Дүгэрсүрэн: Багш сурагчийг нэг цохьсон гэсэн

2019-03-15 733 0

Хэнтий аймгийн Бор-Өндөр  цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Б ангийн багшдаа зодуулсны улмаас элэг нь бяцарч өчигдөр ГССҮТ-д яаралтай хагалгаанд оржээ. 

Энэ талаар тус сургуулийн захирал М.Дүгэрсүрэнгээс тодрууллаа. 

-Танай сургуулийн багш сурагчдаа гар хүрсэн мэдээлэл байна. Та энэ талаар тайлбар өгөөч?
-Би болсон хэргийн талаар нарийн мэдээлэлгүй байна. Гэхдээ тухайн багш хот руу очиж сурагчтайгаа өнөөдөр уулзсан. Сурагчийн бие өнөөдрөөс дээрдэж байгаа гэсэн. Мөн сурагчийн ар гэрийн зүгээс залруулга удахгүй хийнэ гэсэн.  

– Тухайн багш сурагчид гар хүрсэн юм уу?
– Нэг цохьсон гэсэн. Гэхдээ тэгж айхтар нөлөөлтөл цохьсон эсэхийг хууль, хяналтын байгууллага л тодруулах байх даа. Н… багш жижигхэн биетэй эмэгтэй хүн шүү дээ. Тэгж нөлөөлтөл цохьсон эсэхийг мэдэхгүй байна. Сурагч хүү болохоор “Манай багш буруугүй” гэсэн байна лээ. 

– Хоорондоо тохиролцсон гэсэн үг үү?
– Үгүй. Хоорондоо тохиролцсон зүйл байхгүй. Гэхдээ би нарийн юм сайн мэдэхгүй байгаа гэдгээ дахин хэлье. 

-Хүүгийн биеийн байдал ямар байгаа вэ?
– Гайгүй болж байгаа гэсэн. 

– Ар гэр нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм болов уу?
-Үгүй юм шиг байсан. Хүүгээ сахиж байгаа аав нь багшид хэлэхдээ “Манай ах дүү нар энэ мэдээллийг анх сошиалд тавьчихсан байна” гэж хэлсэн байна лээ. 

– Сургуулийн удирдлагаас багшид ямар нэгэн арга хэмжээ авах уу?
-Асуудал даамжирвал бид шат шатандаа арга хэмжээ авна. Яг одоогоор энэ талаар нарийн шийдвэрлэсэн зүйл алга байна.

-Н… багшийн хувьд ёс зүйн доголдолтой гэсэн гомдол ирж байсан удаатай юу?
-Өмнө нь тийм төрлийн гомдол ирж байгаагүй. Бусад багш нараас ч тийм зүйл хэлж байгаагүй.  Өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг, дааж авсан ангитайгаа их сайн ажилладаг багш. Уг нь тэдний анги спортын аливаа тэмцээн уралдааны тэргүүн байрт ордог шилдэг анги юм. 

Н… БАГШ: БИ МЭДЭЭЛЛИЙГ ЗӨВХӨН ЦАГДААГИЙН ГАЗАРТ Л ӨГМӨӨР БАЙНА

Сурагчид гар хүрсэн Н… нь Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуульд Нийгмийн ухааны багш бөгөөд түүнтэй утсаар холбогдоход “Яг үнэнийг хэлэхэд над руу энд тэндээс залгаад хэцүү байна. Би мэдээлэл өгвөл зөвхөн цагдаагийн газарт л өгмөөр байна. Та нар хүнийг сошиалаар “алж” байна шүү дээ” хэмээн уйллаа. 

Холбоотой мэдээ