Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас УБТЗ-ын хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгаж эхэллээ

2019-03-11 212 0

Улаанбаатар төмөр замын удирдах газарт өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийлээ. Шалгалт гуравдугаар сарын 11-ээс дөрөвдүгээр сарын 11-ийг дуустал үргэлжлэх юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс “Монгол Оросын “Улаанбаатар төмөр зам” хамтарсан нийгэмлэгийн үйл ажиллагаанд шалгалт хийхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирээд байна. Энэ бол төлөвлөгөөт шалгалт. Уг байгууллага сүүлийн таван жилийн хугацаанд шалгалтад хамрагдаагүй. Мөн хоёр ч удаа шалгалт оруулахаас татгалзаж, тайлбар тавьсан. Үүний улмаас бид Зам тээврийн хөгжлийн яамнаас зөвшөөрөл авч, шалгахаар боллоо.

Гэхдээ санхүүгийн бичиг баримтуудаа шалгуулахгүй гэж УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа хэлсэн.

Учир нь энэ байгууллага Монгол Оросын хамтарсан байгууллага тул заавал ОХУ-тай хамтарч шалгахыг шаардаад буй юм. Тэгэхээр ажилчдын цалин, нөхөн олговор, илүү цаг гэх мэтийн зүйлүүдийг шалгуулахгүй юм байна. Бид Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу удирдамжид зааснаар л шалгана” гэв.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УБТЗ-д 62 осол гарч, дөрвөн хүн амиа алдсан ажээ. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн баасан гарагт Сэлэнгэ аймагт Тоёота Axio маркийн автомашинтай, согтуу иргэн гарамгүй газар хориг хашааг дайрч улмаар төмөр замын хоорондын замд явсан 3503-р галт тэргэнд мөргүүлжээ. Галт тэрэг яаралтай тоормос хийж зогссон тул ослын улмаас хүний амь нас эрсдээгүй байна. Автомашиныг 30 гаран насны эмэгтэй жолоодож явсан бөгөөд тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. 

Мөн энэ өдөр төмөр замын гарам дээр ноцтой 2 осол гарч, 2 хүний амь нас хохирсон бөгөөд уг ослууд нь явган зорчигч дайруулах хэлбэрээр гарчээ. Тодруулбал, гуравдугаар сарын 8-ны 21 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сум Баянбүрд 1-р баг Төмөр замын 467-р км-н 4-р зуутад ачааны галт тэргэнд Архангай аймагт оршин суух, 54 настай, эмэгтэй Д дайруулж, амиа алдсан байна.

Холбоотой мэдээ