Дарагдсан 6 уурхайчны 2-ыг нь аварчээ

2019-03-01 747 0

“Эко алтан Заамар” компанийн уурхайд өнгөрсөн шөнө болсон нурангид дарагдсан 6 хүнээс 2-ыг нь тус компанийн ажилтнууд өөрсдөө аварч чаджээ. Үлдсэн 4 хүн хаана, ямар байдалтай байгааг хэн ч мэдэхгүй байна. Тэдний ар гэрийнхэн Эрдэнэт, Баянхонгороос Заамар руу гарчээ.

Энэ сарын 27-ны 22:45 цагийн үед газар 4.06 магнитуд хүчтэй хөдөлжээ. Үүний улмаас тус уурхайд нуранги үүссэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж. “Эко алтан Заамар” компанийн уурхайн 80 метр өндөр хана нурсан, нурсан уурхайн гүнд 6 хүн ажиллаж байсны 3 нь оперотор, 3 нь хөрсний ус соруулж байсан ажилчид юм байна. Нийтдээ 5400 ам метр талбайд нуралт үүсчээ.

Аврах ажиллагаа явуулахын тулд эхлээд хөрсний усыг соруулах, дараа нь аврах техник тоног төхөөрөмж оруулж, нурсан шороог зайлуулах ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. “Эко алтан Заамар”-ын ус соруулж байсан 3 нацос уурхайд дарагдсан тул ойр орчмын бусад уурхайгаас нацос авчран аврах ажиллагааг эхлүүлээд байна.

ОБЕГ-ын Үндэсний аврах анги, Уул уурхайн аврах ангийн 20 аврагч Заамарт өнгөрсөн шөнө очиж, аврах ажиллагаа явуулж байна. Аврах ажиллагаанд Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд очсон байна. Өнөө өглөө 08:00 цагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэргэжилтнүүд очоод байна. ОБЕГ-ын дэд даргаар ахлуулсан албаны хүмүүс газар дээр нь очоод байна.

Холбоотой мэдээ