Шинэ Засаг дарга С.Амарсайхан 10 ТЭРБУМ 767 САЯ төгрөгийн орон сууц, барилга байгууламжтай

2019-02-28 682 0

Бүтэн улирал шахуу даргагүй байсан Улаанбаатар хот өчигдөр шинэ даргатай боллоо. НИТХ-ын дарга С.Амарсайхан НИТХ-ын тэргүүлэгчдийн олонхийн саналыг авч, Ерөнхий сайдаар батламжлуулснаар нийслэл хотыг удирдах эрхтэй боллоо.

Шинэ хотын дарга Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байхдаа буюу 2017 онд хөрөнгө, орлогоо хэрхэн мэдүүлж байсныг хүргэж байна.

Тэрбээр орон сууц гэсэн хэсэгт ГУРАВ хэмээн бөглөсөн бөгөөд нийт үнийн дүн нь 10 тэрбум 767 сая төгрөгтэй дүйцнэ гэжээ.

Мөн хотын шинэ дарга Lexus,RX 350- 1, Mazda, CX-9- 1 маркийн 220 сая төгрөгөөр үнэлэх тээврийн хэрэгсэл, 225 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Үүнээс гадна 4.5 тэрбумын авлагатай.

Засаг дарга С.Амарсайханы “Оюуны Ундраа” групп дараах дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ: Хамгийн анхны үйл ажиллагаа явуулж байсан салбар нь мэдээллийн технологи. Группийн танилцуулгад 1997 он буюу хамгийн анх Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болох Налайх дүүрэгт анхны кабелийн телевизийн үйлчилгээг нэвтрүүлж байсан талаар дурджээ. 2007 оноос Оюуны Ундраа Группийн охин компани болох “Эм Эн Би Си” ХХК (MNBC) нь олон сувагт тоон телевизийн үйлчилгээг нэвтрүүлсэн.

УУЛ УУРХАЙ: Харин 2000 оноос уул уурхайн салбарт хүч үзсэн бөгөөд “Эс Эс Монголиа” ХХК-г байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус компани лити, гянт-болд, молибден зэрэг байгалийн ховор металд илүү ач холбогдол өгч, тэдгээрийн хайгуул, олборлолт, худалдаа чиглэлээр дагнан ажилладаг бөгөөд Ховд голын гянтболдын уурхай, Арбаян литийн орд, Хайрхан толгойн орд, Төгрөг нуур зэрэг ордуудад үйл ажиллагаа явуулдаг.

ҮЛ ХӨДЛӨХ: “Оюуны Ундраа Пропертиз” ХХК нь 2012 онд байгуулагдсан бөгөөд архитектур, интерьер дизайн, барилга угсралтын менежмент, үл хөдлөх хөрөнгийн менежмент чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Богд Хан уулын Зайсан толгойн хүрээлэн буй орчныг сайжруулан хөгжүүлэх, хотын иргэд болон гадны жуулчдад илүү тав тухтай, орчин үеийн өнгө үзэмжтэй, эрүүл ногоон орчин, уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Хот доторх хот” цогц төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар “Зайсан Скуэр” төв, “Зайсан Хилл” цогцолбор, “Дуут усан оргилуур” дэд төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн үйл ажиллагаанд бүрэн оруулаад байгаа юм байна. Өөрөөр хэлбэл Зайсан толгойн хойд талын хэсэг зай бүхэлдээ “Оюуны Ундраа” группийн эзэмшлийнх юм байна.

БАНК САНХҮҮ: 2009 оноос үйл ажиллагаа эхэлсэн “Монголын санхүүгийн групп” ББСБ нь зээл, санхүүгийн зөвлөх, валют арилжаа, итгэлцлийн үйлчилгээ үзүүлдэг гэжээ. Санхүүгийн зохицуулах хорооны мэдээлэлд тус ББСБ нь 2012 онд тусгай зөвшөөрлөө гурван жилээр сунгаснаас хойшхи мэдээлэл байхгүй байна. 

“Зайсан Скуэр” төв

“Зайсан Хилл” цогцолбор

Холбоотой мэдээ