Австрали Хятадын нүүрсний хоригт хүлээцтэй хандаж байна

2019-02-26 104 0

Цагаан сарын баярын өмнөөс эхлэн Хятадын Зүүн хойд хэсгийн боомтууд Австралийн нүүрсийг гаалиар нэвтрүүлэх үйл явц удаашралтай болж эхэлсэн билээ. Энэ тухай албан ёсны байр суурийг Хятадын тал илэрхийлээгүй өдий хүрсэн. Тэгвэл тус улсын Далианы боомт Австралийн нүүрсийг импортлохгүй байхаар тогтсон тухай Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Австралийн голлох хэвлэлүүд ч Далианы боомт тус улсын нүүрсэнд хориг тавьсан нь батлагдсан тухай мэдээлж эхэллээ.

Хятад-Австрали улс нь худалдааны маш ойрын түнш боловч сүүлийн саруудад хоёр орны харилцаа ихээхэн хурцадмал нөхцөл байдал руу хандах болсон.

Гэвч уг асуудлыг Австралийн Сангийн сайд Жош Фрайдэнбэрг төдийлөн хурцаар дүгнэлт хийлгүйгээр тайлбарласан байна. Тэрбээр “Хоёр улс хүчирхэг холбоо харилцаатай. Энэ нь хоёр талын эрх ашиг, харилцан хүндэтгэл дээр тогтдог. Хүн ардын хоорондын харилцаа болон эдийн засаг, худалдааны түншлэл хоёр улсад маш чухал юм” гэж хариулжээ.

Далианы боомтын хувьд энэ онд 12 сая тонн нүүрс импортлох квоттой ажиллах юм байна.

Өнгөрсөн онд Австрали улс нь Хятад руу 30.8 сая тонн коксжих нүүрс, 8.3 сая тонн хагас коксжих нүүрс, 50 сая орчим тонн эрчим хүчний нүүрс экспортолжээ.

Австрали өнгөрсөн наймдугаар сард Хятадын Хуайвэй компанийн 5G системийг улсдаа нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан.  Мөн АНУ-тай хамтарсан цэргийн бааз Папуа Шинэ Гвинейд байгуулах шийдэлд оны өмнөхөн хүрсэн нь худалдааны гол түншээсээ хатуу хариу хүртэж мэдэх нөхцөл байдал үүсгээд буйг хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Австралиас Хятад руу хийдэг хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний экспорт ч цохилтод өртөж мэдэхээр байна. 

Далианы боомт нь нүүрсний голлох импортын сувагт тооцогддогүй тул уг хоригийг зөөлнөөр хүлээж авч болох юм. Гэвч тус боомтын хоригоос гадна Хятадын зүүн хойд хэсгийн бусад боомтын гаалийн нэвтрэлтийн хугацаа Австралийн нүүрсний хувьд 40 хоног болж хувирсан нь томоохон асуудал үүсгэж байна.  

Холбоотой мэдээ