Дэлхийн хэмжээнд агаарын бохирдол нас баралтын шалтгааны зургаадугаарт бичигдэж байна. Өөрөөр хэлбэл согтууруулах ундааны хэрэглээ, бөөрний өвчлөл зэргээс дээгүүрт орж байна гэсэн үг ажээ.
Агаарын бохирдлын гол үүсгэгч нь шатах ашигт малтмалаас гарч байгаа хортой утаа буюу хүний нөлөө гэдгийг дэлхий нийтээрээ мэддэг. Зөвхөн хүйтний улиралд хамаатай байдаг байсан энэ асуудлын үргэлжлэх хугацаа уртсаж зун цагт шуурга дэгдэх, тэр нь илүү хүчтэйгээр илрэх магадлал нэмэгдэж байгааг Массачусетсийн Технологийн их сургууль буюу MIT-ийн шинэ судалгааны дүн харуулж байна.
Дэлхийн дулаарлын шууд нөлөөгөөр агаар мандал дахь дулааны бүтэц өөрчлөгдөж байгаа ажээ. Тухайлбал, агаар мандлын дээд хэсэгт хүйтэн болон дулаан агаар холилдсоны улмаас үүсдэг халуун бүсийн гаднах циклоны хүч зуны улиралд зургаан хувиар саардаг болжээ. Энэ нь өтгөн утааг хөөх давуу талтай зөөлөн салхины эрчийг сулруулж, агаар дахь чийгшил болон дулааныг нэмэгдүүлж байна.
Мөн явагдаж байгаа энэхүү өөрчлөлтийн үр дагаварт гэнэтийн хүчтэй салхи шуурга, аадар бороо үүсэх эрч 13 хувиар нэмэгдээд байгааг судалгааны тайланд онцолжээ. Энэ нь зуны улиралд агаар илүү утаатай байдаг болж, дунджаас илүү хүчтэй гэнэтийн шуурга, хар салхи гарах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм байна.
Массачусетсийн Технологийн их сургууль шинэ судалгаагаа 1979 оноос хойш цуглуулсан хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн хийжээ.