Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкнаас Засгийн газарт гаргаж өгсөн баримт нь бодит биш байсан

2019-02-21 139 0

Засгийн газрын тогтоолоор Хөгжлийн банкинд ээлжит шалгалт оруулахаар болж, ажлын хэсгийг баталсан талаар мэдээллийг өчигдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өгсөн.

Төрийн ордонд тус банкны төлөөлөл болон ажлын хэсгийнхэнтэй уулзалт хийсний дараа Хөгжлийн банкинд мөн уулзалт хийсэн юм.

Энэхүү хяналт шалгалтыг байгуулагдсан цагаас хойшхи бүх шаардлагатай материалыг хамруулах бөгөөд 30 хоногт багтаан шалгалтын үр дүнг тайлагнана хэмээн удирдамжид тусгасныг мэдээлэв.

ЗГХЭГ-ын дарга, шалгалтын ажлын хэсгийг ахалж буй Л.Оюун-Эрдэнэ “Өмнө нь Монголбанкнаас тодорхой мэдээлэл авахад саад учруулсан, Засгийн газарт зарим нэг зүйлийг өөр байдлаар тайлбарласан, гаргаж өгсөн бичиг баримт нь бодит биш байсан зэрэг нөхцөл байдал үүссэнийг анхааруулж хэлэх нь зүйтэй” гэсэн мэдээллийг хэлсэн юм.

Тиймээс энэхүү шалгалтад саад болсон, бичиг баримтыг нуусан, өгөхөөс татгалзсан тохиолдолд хууль хяналтын байгууллагад хандах болно гэдгийг сануулжээ. 

Харин Хөгжлийн банкны зүгээс 2018 онд хийсэн шалгалтын үеэр банкны зүгээс шаардлагатай бүх бичиг баримтыг гаргаж өгсөн гэдгээ илэрхийллээ. Мөн энэ удаагийн шалгалтаар ч ажлын хэсэгт бүх бичиг баримтыг үнэн зөвөөр гаргаж өгнө гэдгээ хэллээ. Хөгжлийн банкинд жилд хөндлөнгийн 2-3 шалгалт ирдэг бөгөөд энэ удаагийн шалгалтад ч саад учруулахгүй гэсэн юм. 

Холбоотой мэдээ