“E Police” аппликейшныг 10 мянга орчим иргэн ашиглаж байна

2019-02-21 96 0

“E Police” аппликейшныг өнөөдрийн байдлаар 10 мянга орчим хүн ашиглаж байна. Өнгөрсөн долоо хоногт тус аппликейшнаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 90 орчим жолоочийн мэдээллийг Тээврийн цагдаагийн алба хүлээн авч, хариуцлага тооцжээ.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийн мэдээллийг иргэдээс авч, хариуцлага тооцох зорилгоор Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран “E Police” ухаалаг гар утасны аппликейшныг өнгөрсөн оны 10 дугаар сард хэрэглээнд нэвтрүүлсэн. Ингэснээр дүрэм зөрчиж автозамын түгжрэл үүсгэдэг жолооч нарыг хянах иргэд олширч, замын цагдаагийн ажлын ачаалал тодорхой хувиар буурах юм.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, “Иргэд “E-Police” ухаалаг гар утасны аппликейшныг ашиглан, зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн зургийг гурван өөр байршлаас авч илгээснээр ЗХУТ тухайн жолоочид хариуцлага тооцно. Мөн тухайн иргэний гар утсанд гаргасан зөрчилд нь хүлээлгэсэн хариуцлагын тухай мэдээлэл илгээнэ. Тэгэхдээ иргэдийн илгээсэн зургийг компьютероор шалган зөрчилтэй хэмээн тогтоовол, уг мэдээллийг ЗХУТ, ТЦА-ны холбогдох ажилтанд илгээх горимтой. Өөрөөр хэлбэл, ирүүлсэн зураг бүрийг зөрчил гэж тооцохгүй. Учир нь эвлүүлсэн, засаж, янзалсан зураг оруулахгүй байхаар програмчилсан” гэв.

Энэхүү аппликейшныг иргэд ухаалаг гар утсандаа “Playstore”, “Appstore”-оос үнэ төлбөргүй татах боломжтой юм.

Холбоотой мэдээ