Малчдаас мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, мал эмнэлгийн гэрчилгээтэй махыг хэрэглэгчдэд хаврын улиралд тогтвортой үнээр хүргэх ажилд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг бүртгэж эхэлжээ. Санхүүжилтийг арилжааны банкны эх үүсвэрээр олгох аж. Ийм аж ахуйн нэгжүүд доор дурдсан баримт бичгийг 2019 оны 2 дугаар сарын 28–ны өдрийн 16 цаг хүртэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргэж өгөх юм байна.
Бүрдүүлэх баримт бичгүүдийн жагсаалт:
- Аж ахуйн нэгжийн хүсэлт /бэлтгэх махны хэмжээг тусгах/
- Аж ахуйн нэгжийн танилцуулга /Үйл ажиллагааны чиглэл, мах хадгалах агуулахын багтаамж, хөргөх төхөөрөмжийн хүчин чадал, хөргөлтийн агентын төрөл
- Мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцэж буй эсэх, гарал үүслийг тодорхойлсон Мал эмнэлгийн гэрчилгээтэй байх
- 1.35 кодтой Махны хадгалалтын нөхцөлийг шалгах хяналтын хуудас /баталгаажуулсан/
- Бэлтгэх махыг хадгалахад хүрэлцэхүйц хэмжээний агуулахтай эсэхийг нотлох баримт /фото зургаар баталгаажуулах/
- Мах хадгалах зориулалтын агуулах, тээврийн хэрэгсэлд мал эмнэлгийн байгууллагаас ариутгал, халдваргүйтгэл хийсэн тухай акт /2018 онд хийсэн ариутгал, халдваргүйтгэлийн акт/
Харин хугацаа хэтэрсэн тохиолдолд бичиг баримтыг хүлээн авахгүй хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.