ЭЕШ-ын бүртгэл орон даяар эхэллээ

2019-02-14 45 0

Монгол Улсын их, дээд сургуульд элсэн суралцах Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын онлайн бүртгэл www.eec.mn  цахим хуудсаар орон даяар өнөөдөр эхэллээ. Бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 15-нд дуусна хэмээн Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээлэв.

Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй, нэмж бүртгэхгүй аж. Энэ жил урьдчилсан байдлаар, 20 мянган шалгуулагч ЭЕШ өгөх тооцоо гарчээ. Шалгуулагчийн тоо харьцангуй цөөн байх магадлалтай тул шалгалтын 30 байрыг бэлдэхээр төлөвлөсөн байна. Үүнээс орон нутагт 22, нийслэлд найм байхаар төлөвлөж байгаа ч бүртгэл хаасны дараа эцэслэн шийдвэрлэх юм.

Монгол хэлбичгийн шалгалтын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар ирэх сарын 4-нд дуусна. Тус шалгалт ирэх сарын 23-нд болох бөгөөд босго оноо 400 байна.

Боловсролын үнэлгээний төвийн Шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат хэлэхдээ, “Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой монгол хэлбичгийн шалгалтыг заавал өгнө. ЭЕШ-ын хугацааг БСШУСЯ-тай хамтран товлоно. Урьдчилсан байдлаар, ЕБС-ийн хичээлийн жил дууссанаас хойш гурав хоногийн дараа товлохоор саналыг хүргүүлсэн. Баталгаажсаны дараа нийтэд нээлттэй зарлана. Шалгалтыг шууд засах төхөөрөмж нэвтрүүлж байгаа тул шалгалт өгсөн даруйдаа анхны дүн оноогоо мэдэх боломжтой болно. Анхны оноо гэдэг нь тухайн хичээлд авах ёстой 100 онооноос шалгуулагч хэдэн оноо авсныг илэрхийлэх юм. Шалгалтаас хойш 24 цагийн дараа улсын хэмжээний нэгдсэн жагсаалт хичээл тус бүрээр нь гарна. Батламж хуудсыг шалгалт дууссанаас хойш гурав хоногийн дотор шалгуулагчдын гарт хүргэнэ. Энэ жил 12 дугаар ангид суралцаж буй нийт сурагчдыг монгол хэлбичгийн шалгалтад автоматаар бүртгэнэ. Хоёр дахь шалгалтыг ирэх дөрөвдүгээр сарын 20-нд авна. Энэ шалгалтыг өмнөх удаагийн шалгалтад босго оноондоо хүрээгүй  болон хүндэтгэх шалтгаанаар шалгалт өгч чадаагүй хүүхдүүд өгөх юм. Энэ жил ЭЕШ-ыг ерөнхий боловсролын “Цөм” хөтөлбөрийн агуулгын хүрээнд авна” гэв.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ ярихдаа, “Шалгуулагчийн материалыг шууд засах төхөөрөмж нь АНУ-д үйлдвэрлэсэн, программ хангамж нь монгол залуусын оюуны бүтээл юм. 2018 онд Ховд, Орхон аймагт энэ технологийг туршсан. Ховд аймагт 1400 шалгуулагч шалгалт өгөхөд ямар нэг алдаа дутагдал гараагүй. Тиймээс энэ жил улсын хэмжээнд бүрэн нэвтрүүлэхээр зорьж байна. ЭЕШ-ын дүн 14 хоногийн дараа гарахад маш их асуудал үүсдэг. Тухайлбал, жилд 10 мянган шалгуулагч сумын төвөөс аймгийн төвд ирж шалгалт өгдөг. Шалгалт өгөх болон дүнгээ сонсох гэж дахин дахин явахад эдийн засгийн хүндрэл гардаг. Шалгуулагч шалгалтын хуудсаа машинд уншуулахад, дүнг нь  шууд харуулна. Тиймээс ямар нэг хардлага сэрдлэг гарахгүй. Хэрэв дүн оноондоо эргэлзвэл Боловсролын Үнэлгээний Төвд хандах боломжтой. Өргөдлийг гурав хоногийн дотор шийдвэрлэнэ” гэв.

Монгол хэлбичгийн шалгалт болон ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийнх 80 минут байна. Шалгалтын хэмжээст оноог 24 цагийн дотор www.eec.mnцахим хаягаар “шалгуулагчийн булан”-д байршуулах аж.

Холбоотой мэдээ