“Шөнийн гэрэлт гудамж” хотын даргын хүсэлтээр унтрах уу

2019-03-19 82 0

Хотын даргын суудал дуулиан дагуулсаар арайхийн эзэнтэй болоод удаагүй байна.  

НИТХ-д МАН анх удаа 34-үүлээ засаглаж байгаа ч багагүй хэл ам дагуулан энэ суудалд заларсан эрхэм бол С.Амарсайхан. Үлдсэн жил гаруйн хугацаанд Улаанбаатар хотод ямар бодлого барьж ажиллах талаарх илтгэлдээ шинэхэн мэр маань бүтээх бус нураах шийдвэрийг гаргаж эхлэв бололтой.

Хоёр жилийн өмнөхөн өдийд шахуу жазз, сонгодог урлагийн тоглолтоор нээлтээ хийж, залуус төдийгүй нийслэлийн иргэдийн очих дуртай газар болсон “Шөнийн гэрэлт гудамж”-ийг тэрбээр хаах саналтайгаа илэрхийлжээ. Учир юу гэвээс нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажилчид ийм гудамж хөгжүүлнэ гээд байх нь буруу, ер нь шөнийн гудамж нэртэй зүй бус газар байж болохгүй гэж үзсэн гэнэ. Гэхдээ захирамж хараахан гараагүй.

Нүд чих нь өнөөдөр л онгойж, одоо л энэ тухай олж харсан мэт гайхашруулмаар иймэрхүү үгс дарга нарын амнаас байсхийгээд унадаг нь гайхаш төрүүлэм шүү. Уг нь хоёр жилийн өмнө шөнийн гудамж нээлтээ хийж байхад хотын түшмэлүүд “Нью Йорк, Токио, Сөүл, Бээжин, Банкок, Куала-Лампур зэрэг хөгжилтэй хотуудын худалдаа үйлчилгээний шөнийн гудамж, захууд нь жуулчид амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, худалдаа үйлчилгээ авах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлсэн байдаг. Улаанбаатар жуулчдаас гадна нийслэлийн иргэд, хүүхэд залуус амарч зугаалах, алжаалаа тайлах, урлаг соёлын тоглолт үзэх, амтат хоол зооглох, худалдаа хийх боломжтой” хэмээн ам булаалдаж ярьж байсныг бид харцгаасан. 

Харин гэнэтхэн хотын дарга болонгуутаа үгүйсгэж үүн шиг л буруу ажил алга гэж ярьж эхлэв. 1.4 сая хүнтэй Улаанбаатар хот маань метрополис хот болж хүрээгээ тэлэхийн хэрээр өнгө засаж, шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэхэд буруудах зүйл байна уу.

Залуус нь яагаад заавал уушийн газарт бус худалдаа үйлчилгээ төвлөрсөн гудамжинд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж болохгүй гэж. Жуулчид ч тэрхүү гудамжийг нь зорин ирж тухай улс үндэстний хоолыг нь амталж соёлтой нь танилцдаг иймэрхүү уламжлал дэлхийн бүхий л соёлт хотуудад дэлгэрчихсэн.

Яг үнэндээ өнөөдөр нурааж, хураах дээрээ хүрч ад үзэгдээд байгаад “Шөнийн гэрэлт гудамж” хэсэгхэн хугацаанд яригдангуутаа амархан бүтчихсэн ажил ч биш гэдгийг бид мэднэ. Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жуулчны гудамжийг хөгжүүлнэ, тэнд нь соёл урлаг, худалдааны төв ажиллуулах ёстой гэж гэж Нийслэлийн Засаг дарга нар 10 гаруй жил яриж хөөцөлдөж ирсэн юм. Харин хоёр жилийн өмнө л биелэлээ олж байгуулагдсан нь энэ. 

С.Амарсайхан дарга өөрөө ч НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж 2012 оноос хойш хотын ажилтай зууралдаж байгаа хүний хувьд энэ зовлонг мэдэхийн дээдээр мэднэ.

Энэхүү ажлын бүтээн байгуулалтад хэдийн 1.5 тэрбум төгрөгийг зарцуулчихсан гэдэг. Тоосжилт босгохгүйн тулд хатуу хучилттай зам хийж, явган зам гарган, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, амралтын суудал, замын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл ч байрлуулсан. Үйл ажиллагаа явуулаад эхэлсэн ч бүрэн төгс болчихоогүй, гэхдээ л хүмүүсийн очих дуртай газрын нэг болчихсон. Цаашдаа ч нэмээд хөгжүүлэх, менежментийг нь сайжруулах зүйл зөндөө харагддаг.

Хотын дарга С.Амарсайхан энэ гудамжийг таалаагүй шалтгаан ч энэ. Архи дарс хөглөрсөн л гэнэ, орилоон чарлаантай л гэнэ. Угтаа албаны хүмүүс асуудал болгон дээр хяналт тавиад явчихвал хэрээс хэтэрчихсэн зүйл байхгүй дээ. Хаяахан очиход залуус бүжиглээд дуулалдаад хөл хөгжөөн дүүрэн л угтдаг. Хотын соёл түгэж, нэгнээ хүндэлж, биеэ авч явах соёл л энэ бяцхан гудамжид бүр ч ихээр цэцэглэж байна гэж боддог юм.

Хэрэв тухайн орчны хүмүүст хүндрэл учруулаад байгаа бол дуу чимээ шингээгч хана хүртэл босгож болно шүү дээ. Технологи хөгжсөн энэ үед тэр байтугай арга хэрэгсэл бий. 

“Шөнийн гэрэлт гудамж”-ийг “амарсайхандаа” жаргуулж бараг хаах талаар ярьж эхэлсэн С.Амарсайхан дарга энэ ажлыг нураагаад залууст, их хотын хэмнэлд зохицсон ямар ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн нь одоохондоо тодорхой биш. Ямар ч ажил эхлүүлсэн ч иргэдийн, татвар төлөгчдийн халаасыг л тэмтэрч таарна. Хэрэв иймэрхүү ажлууд үнэхээр шаардлага хангахгүй гэж өөрөө үзэж байгаа бол НИТХ хуралдаж, ядаж л тухайн дүүргийнхээ иргэдийн дунд санал асуулга явуулж байж шийдэх ёстой санагдана. 

Учир нь хот бол хэн нэгний дураараа дургиж, амны зоргоор шийдвэр гаргаж ажилладаг газар биш. Нээлттэй засаглаж байж л ард иргэдэд ажлаа ойлгуулж, илүү урагшлуулна.

Манайд сонгуулийн дараа аль нэг нам солигдонгуут өмнөх Засгийнхаа бодлогыг, яамдууд нэгнийхээ эхлүүлсэн төсөл, хөтөлбөрийн зогсоож эхэлдэг бичигдээгүй хууль бий. Үүнийг төрийн залгамж халаагүй хэмээн хэвлэлийнхэн ханатлаа шүүмжилдэг. Харин энэ удаа нөгөө намынхаа бодлогыг ч биш нам дотроо хөлөө жийлцэн, нэгнийхээ ажлыг ийнхүү үгүйсгэв.

Шинэхэн суудалдаа дасаж ядан буй хотын даргадаа шөнийн гэрэлт гудамжид санаагаа чилээхээс гадна агаарын бохирдол, ядуурал, ажилгүйдэл, за тэгээд түгжрэл, сургууль, цэцэрлэгийн хүртээмж гээд олон асуудал бийг аминчлан захия даа.

Холбоотой мэдээ