У.Хүрэлсүх: Ажилгүйдэл, ядуурлыг бууруулснаар нь засаг даргын ажлыг дүгнэнэ

2019-02-22 50 0

Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ. Зөвлөгөөнд бүх аймаг, нийслэл, сум, дүүрэг, тосгон, хорооны Засаг дарга  болон Тамгын газрын дарга 500 гаруй хүн оролцож байна.

Зөвлөгөөнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэв. 

Тэрээр төрийн албаны шинэчлэл, эдийн засгийн бүсчилсэн хөгжил, Үндсэн хуулийн өөрчлөлт, байгалийн баялгийг иргэддээ хүртээмжтэй хүртээх, төрийн үйлчилгээг цахимжуулж, хүнд сурталгүй үйлчлэх зэрэг сэдвийг хэлэлцэх энэ зөвлөгөөн улс орны хөгжлийг 20-25 жилээр бодож, дотооддоо биш дэлхийд өрсөлдөх үндэс суурийг тавина гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Мөн үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “2018 онд эдийн засаг 6.9 хувиар өсөж, сүүлийн найман жилд төсвийн тэнцэл анх удаа ашигтай гарлаа. Гадаад валютын нөөц 3.5 тэрбум ам.долларт хүрч, 5.7 их наяд төгрөгийн зээлийг төлж, малын тоо толгой, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт өслөө. Мөн гурил, төмсний хэрэгцээгээ дотоодоос хангах боломжтой болоод байна” хэмээв.

Ерөнхий сайд улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийх арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийг хугацаанд нь хэрэгжүүлэх, есөн аймагт дулааны станц, 10 аймгийн цэвэрлэх байгууламж барих, 117 сургууль, 34 цэцэрлэг, анхан шатны 62 эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг ил тод, шуурхай зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн төсвийн сахилга бат, хариуцлагаа чангатгаж, хөрөнгийг үр ашигтай зарцуулах, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулдгийг таслан зогсоох, төрийн бодлого, ажлын залгамж чанар, тогтвортой байдлыг хангаж, төрийн албан хаагчийг тогтвор суурьшилтай ажиллуулж, нийгмийн баталгааг нь хангах, чадавхжуулах, шатлан дэвшүүлэх зарчим баримтлах, Сум хөгжүүлэх сан, Засаг даргын нөөц хөрөнгийг хууль бусаар зарцуулдаг, нөхөн сэргээлт нэрээр гэрээ байгуулж ашигт малтмалын олборлолт явуулдаг зэрэг дутагдлыг зогсоохыг санууллаа. Түүнчлэн төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллах, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд шинэ технологи нэвтрүүлэх, бүтээгдэхүүний гарц, чанарыг нэмэгдүүлэхэд анхаарах, байгаль орчны нөхөн сэргээлт, бэлчээрийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарах, орон нутгийн өрсөлдөх чадвараа сайжруулах, түүх, соёлын өвийг хадгалах, хамгаалах. “Соёлын биет бус өв”, “Чулуун соёлын өвийг хамгаалах” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Дарга нараас нэн тэргүүнд ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана. Засаг дарга нар ажилгүйдэл, ядуурлыг хэр зэрэг бууруулснаар нь ажлыг нь дүгнэнэ. Ажлын байр бий болгож байгаа жижиг, дунд үйлдвэрлэгч, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжинэ” хэмээв.

Орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөнөөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, 2019 оны хөрөнгө оруулалтын төсөл, ажлыг шуурхай хэрэгжүүлэх, “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн ажлыг зохион байгуулах, санхүүгийн ил тод байдал, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хаврын бэлтгэл ажлаа хангах, байгаль орчны бодлого зэргийг хэлэлцэнэ. Орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцан Засгийн газраас гаргах шийдвэрийн төсөлд тусгах юм.

Холбоотой мэдээ