Татварын багц хууль иргэн, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалахад чиглэнэ

2019-02-19 48 0

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Татварын багц хуулийн төсөл татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалахад чиглэж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр болсон “Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг”-ийн үеэр онцлон тэмдэглэв.

Baramsai Chadraabal-н зураг.

Багц хуулийн төсөлд “Татварын ерөнхий хууль”, “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль”, “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, холбогдох 29 хуулийн нэмэлт өөрчлөлт багтаж буй юм. Эдгээр хуулийн төслийг боловсруулахдаа Сангийн яам өнгөрсөн оны хоёрдугаар сарын 23-наас хойш орон даяар 39 удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд үүнд 4790 хүн  оролцсон байна. Хуулийн төсөлд шударга татвар төлөгчийг дэмжих, татвараас зайлсхийдэг иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцох, мэдээллийн технологид тулгуурлан татварын тайлан хүлээн авах ажлыг цахимжуулахтай холбоотой заалтыг тусгасан байна. Тухайлбал, жилд 50 сая төгрөгөөс бага орлого олдог аж ахуйн нэгж нэг хувийн татвар төлж, тайлангаа нэг удаа гаргадаг байхаар тусгасныг Сангийн сайд онцолсон юм. Мөн Монгол Улсад буй гадаадын байгууллагуудыг татвараа төлөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор бусад орны татварын бодлоготой уялдуулахыг зорьсныг дурдлаа.

Татварын багц хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр гишүүн, “Ажлын хэсгээс иргэн, аж ахуйн нэгжүүдээс хуулийн төсөлд оруулах санал, хүсэлтийг судлаж байгаа. Одоогоор Татварын ерөнхий хуулийн төслийн талаар 61, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн төслийн талаар 10, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төслийн талаар зургаа, хамт өргөн мэдүүлсэн хуулийн талаар 27, УИХ-ын бусад шийдвэртэй холбоотой асуудлаар холбогдуулан нийт 11 зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгээд байна. Айл өрх, хүний амьдралд нөлөөлдөг хууль бол Татварын тухай хууль. Тиймээс татвар төлөгчийн эрх ашгийг дээдэлсэн, татварын албаны ажиллах нөхцөл боломжийг хангасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн татварын орчныг бүрдүүлэх шаардлага бий болж байна.  Монгол Улс 2017 онд татварын мэдээлэл солилцдоггүй улсын хар жагсаалтад орсон. Улмаар 2018 онд татварын эрхзүйн орчныг сайжруулах амлалт авснаар энэхүү хар жагсаалтаас гарсан” гэлээ.

Харин Татварын багц хуулийн төслийг батлан хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабал, “Хуулийн төслийн хүрээнд Татварын удирдлагын нэгдсэн систем  (ТУНС) нэвтрүүлж, хувь хүнд 11 оронтой дахин давтагдашгүй, татвар төлөгчийн дугаар олгоно. Ингэснээр ХХОАТ-ын цэнхэр дэвтрийг халж цахим системд шилжүүлэхээс гадна гадаадын иргэн, аж ахуйн нэгжийг бүртгэх боломжтой болно. Мөн татварын алба шинээр бүртгүүлсэн татвар төлөгчдөд сар бүр сургалт, зөвлөгөөг өгнө. Түүнчлэн НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгох системийг нэвтрүүлнэ” гэлээ.

Baramsai Chadraabal-н зураг.

Хэлэлцүүлгийн үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав: НӨАТ-ын тухай, Аудит тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оноос хэрэгжиж эхэлсэн. Эдгээр хууль Татварын хуультай уялдах байсан ч энэ хуулийн төсөл батлагдалгүй удлаа. Манай улсын эдийн засаг 2021 онд одоогийнхоос хоёр дахин сайжирна гэсэн тооцоолол бий. Тиймээс энэ хуулийн төсөл эдийн засаг сайжрахад татварын орчноо хадгалж чадах уу гэдэг асуудал чухлаар тавигдана. Тухайлбал, НӨАТ-ын урамшуулал сугалааны хүрээнд улсын төсөв 2.2 их наядаар давлаа. Үүнтэй адил жижиг аж ахуй нэгжүүд татварын хялбаршуулсан тайлан өгдөг болох нь чухал. Мөн Хувь, хүний орлогын албан татварын тухай хуулиар татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг НӨАТ-ын буцаан олголт шиг хялбар, хурдан өгдөг болгох ёстой. ТУНС үүнд чиглэж байгаа бөгөөд үүнийг бүрэн хэрэгжүүлж чадвал Монгол Улс Төв Азид хамгийн хялбаршуулсан, энгийн, шударга татварын системтэй орон болно.

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Татварын багц хуулийн төсөлд тусгасан зүйл, заалтууд өнөөгийн эдийн засгийн орчинд нийцэж байгаа. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс эхлээд томоохон аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлт болон хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг тодорхой зааж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгж шударгаар татвараа төлдөг бол төрөөс олон боломж олгохоор заасан нь хэрэгжих боломжтой, сайн хуулийн төсөл болсныг харуулж байгаа юм.

Татварын багц хуулийн төсөлд тусгасан өөрчлөлтүүд:

Татварын ерөнхий хуулийн төсөлд

-Татварын өр төлөх хугацаа хоёр сар байгааг 24 сар болгон сунгана

-Илүү төлсөн татварыг нэн тэргүүнд буцаан олгоно

-Татварын албаны өр барагдуулах, хууль ёсны татвар хураах эрхийг нэмэгдүүлнэ

-Эрсдэлтэй өрийг түрүүлж хураана

-Эрсдэлгүй татвар төлөгчийг хянаж шалгахгүй

-Залилангийн шинжтэй үйлдэлд татварын хөөн хэлэлцэх хугацаа хамаагүй

Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүд өөрийн хүсэлтээр жилд нэг удаа тайлан гаргаж, нийт орлогын нэг хувиар татвар төлөх боломж олгоно. Харин жилийн борлуулалт гурван тэрбум төгрөгөөс дээш бол жилд дөрвөн удаа, доош бол хоёр удаа тайлагнадаг болно.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд

-Гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийг 15 хувь болгож бууруулна

-Гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийг орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг 5 болгоно

-Банкны зээлээр эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварыг 5 болгоно

-X тайлантай аж ахуйн нэгжүүд улиралд 60 мянган төгрөгийн тогтмол татвар төлнө

-Татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын шинэ дүрмийг нэвтрүүлнэ

-Давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран гадаад улсад төлсөн татварыг хасаж тооцно.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төсөлд

-Нэг шатлалтай, 10 хувийн татвар төлнө

-Оршин суугч этгээдийн татвар 20-иос 15 хувь болж буурна. Хүүгийн орлого нь 10 хувь болно

-Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын 1 хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргаж болно

-Орон сууцны татварын хөнгөлөлтийг 3 сая төгрөгөөс 6 сая төгрөг болгоно. Ипотекийн зээлийн хүү, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүүтэй тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлнэ

-Илүү төлсөн татварыг буцаан олгодог болно

-Бусад үндсэн хөрөнгөний НӨАТ-ыг 5 жилд хасна

-Зөрчлийн хуулиас хариуцлагын заалтыг авч Татварын ерөнхий хуулиар зохицуулан хууль хоорондын давхардлыг арилгана

-Татварын улсын байцаагчийн буруугаас татвар төлөгч хохирсон бол төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж ажиллахгүй байх хариуцлага хүлээлгэнэ.

Улаанбаатар /МОНЦАМЭ/.

Холбоотой мэдээ