Нийтийн тээвэрт түргэн хоолны сурталчилгааг хориглолоо

2019-02-26 60 0

Их Британийн нийслэл Лондон хотын нийтийн тээврээр үйлчлүүлдэг хэн бүхний анхаарлыг хамгийн их татдаг зар, сурталчилгаа нь хоол, хүнсний бүтээгдэхүүнийх байдгийг мэргэжилтнүүд тогтоосон байна. Ер нь хоол, ундаа, ялангуяа түргэн хоолтой холбоотой сурталчилгаа бүх насныханд хамгийн хялбар бөгөөд хурдан хүрдэг болохыг олон улсын судлаач, шинжээчид хэдийн баталсан. 

Тэгвэл Лондоны автобус, метро гэхчлэн нийтийн тээврийн хэрэгслүүдэд түргэн хоол, илчлэг өндөртэй буюу чихэр, давсны агууламж ихтэй ундаа, бүтээгдэхүүний талаарх зар, сурталчилгааг хориглох шийдвэр гаргажээ. Үүнийг санаачлагч нь тус хотын мээр Садик Хан аж. Тэрбээр өмнө нь хүүхдийн таргалалтын үндэс болсон буруу хооллолт, түүний үндсийг үгүй хийхэд онцгой анхаарах талаараа мэдэгдэж байсан юм. 

Тус улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, бүр тодруулбал, 10-11 настнуудын 40 орчим хувь нь жингийн илүүдэлтэй гэнэ. Удирдлагынхаа ийм шийдвэрийг лондончуудын 82 хувь дэмжсэн нь санал асуулгаар тодорхой болжээ. Садик Ханы санаачилгаас үүдэлтэй эл шийдвэрийн дагуу хоёрдугаар сарын 25-наас эхлэн Лондоны зоогийн газрууд, хоол, хүнс үйлдвэрлэгчид болон хүргэлтийн байгууллагууд зар сурталчилгаагаа эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнд чиглүүлэх болов. 

“Хориг арга хэмжээ”-нд нэр нь багтсан төрөл бүрийн амттан, ундаа, бургер, шоколадтай чихэр, давсалсан самар зэргийг сурталчилсан, энэ талаар далд утга агуулсан үг, өгүүлбэр “амнаасаа унагасан” тохиолдолд өндөр торгуулах аж. Гэхдээ Лондоны гудамж, талбайд үйл ажиллагаа явуулдаг түргэн хоолны газруудыг хаахгүйгээр хүссэн үр дүндээ хүрнэ гэвэл дэндүү өрөөсгөл гэж шүүмжлэх иргэд ч байгаа аж. Мээрийн тайлбарласнаар сурталчилгааг хориглосноор иргэд харьцангуй эрүүл хүнс сонгох боломж, нөхцөлийг бүрдүүлэх гэнэ.

Холбоотой мэдээ