МҮХАҮТ-ын Их хурал эхэллээ

2019-02-28 46 0

Бизнесийн төлөөллийн байгууллага Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын ээлжит ХХ их хурал Соёлын төв өргөөнд 10.30 цагт эхэллээ. Их хурлаар МҮХАҮТ-ын өнгөрсөн дөрвөн жилийн тайланг хэлэлцэж, удирдах дээд байгууллагын үйл ажиллагааг дүгнэн, тайлант хугацаанд хийсэн ажлыг үнэлж, ирэх жилүүдийн зорилтоо тодорхойлох юм. Түүнчлэн ирэх дөрвөн жилд Танхимын бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч явах шинэ удирдлагыг сонгоно.

Энэ удаагийн Их хуралд Танхимын тэргүүлэгчид, Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөөс гадна аймаг, орон нутаг дахь Танхимын салбар зөвлөлийн дарга, гишүүд, Танхимын нийт гишүүн компани, ААН-үүд, мэргэжлийн холбоод зөвлөлийг төлөөлсөн хот, орон нутгийн 600 гаруй төлөөлөгч оролцож байна.

МҮХАҮТ нь 59 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй, 21 аймагт салбар Танхимтай, 3500 гаруй гишүүн байгууллага, дэргэдээ 20 гаруй бизнесийн мэргэжлийн зөвлөлтэй, дэлхийн 7 оронд өргөмжит төлөөлөгчийн газартай, бизнес эрхлэгчдийг өмгөөлж, тэдний дуу хоолойг төлөөлдөг, бие даасан хуультай ТББ юм.

Энэ удаагийн Их хурлаар сонгох МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид МҮХАҮТ-ийн одоогийн ерөнхийлөгч, “Урбанек” компаниараа овоглогддог Б.Лхагважав, CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, “UFC” группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, “Буян” ХХК-ийн захирал, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар нэр дэвшиж өрсөлдөх юм. Мөн “Өгөөж чихэр боов” ХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна. Дээрх нэр дэвшигчдээс “UFC” группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин Танхимын удирдлагын сонгуульд хоёр дахь удаагаа нэр дэвшиж байгаа юм. Мөн нэр дэвшигчдээс МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлд О.Амартүвшин, С.Түмэнгэрэл нар ажилладаг бол “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг мөн МҮХАҮТ-ын тэргүүлэгч гишүүн юм.

Б.Болд MОНЦАМЭ.mn

Холбоотой мэдээ