Малыг малчны хотноос шууд худалдан авах болжээ

2019-01-16 55 0

Үндэсний статистикийн хороо инфляцын тайланг гаргахаас гадна өргөн хэрэглээний гол нэрийн 32 бүтээгдэхүүний үнийг долоо хоног бүр гаргадаг.

Үүнд махыг төрлүүдээс нь гадна ястай, цул хэмээн ангилж гаргахын зэрэгцээ сүү, с үүн бүтээгдэхүүн, өндөг, жимс, шатахуун зэргийг багтаадаг.

Тэгвэл махны үнэтэй холбоотойгоор дараах тайлбарыг өгсөн юм.

Жил бүрийн 1-3 дугаар сард махны үнэ өсөж, 5-6 сард буураад эргээд идэшний цагаар өсдөг тогтсон хандлагатай байсан бол өнгөрсөн онд махны үнэ 7-8 дугаар сард буюу нэг сараар илүү хугацаанд буурсан байна. Энэ нь малын тараг тэвээргээс гадна орон нутагт мал нядалгааны цэгүүд барьж эхэлсэн, зөвхөн Улаанбаатарт биш, зам дагуу худалдааны төвүүдэд мах нийлүүлэх болсонтой холбоотой хэмээн үзжээ.

Үүний зэрэгцээ ХАА-н салбарыг бодлогын түвшинд авч үзэх шаардлага бий болсныг ҮСХ-ны статистикч анхааруулав. Учир нь тус хорооноос мал тооллого хийн орон нутгаар явах үеэр малыг малчны хотноос шууд худалдан авах үзэгдэл түгээмэл болсон нь ажиглагджээ. Энэ нь өнгөрсөн жилээс ихсэж байгаа үзэгдэл бөгөөд малчид цаг, шатахуун зарж нийслэлд малаа нийлүүлэх сонирхолгүй болсны шалтгаан аж. Гол нь ийнхүү малчны хотноос мал худалдан авч буй цаад эзэд нь хэн болохыг анзаарах шаардлагатайг сануулав.

“Яагаад гэвэл хотноос худалдаж авсан махаа тэр хүмүүс нийслэл хүртэл тээвэрлээд борлуулсан бол нийлүүлэлт хангалттай байх байсан бөгөөд  махны үнэ өнөөдрийн түвшинд хүрч өсөхгүй байсан. Гэтэл тухайн махыг аваад тэр газраа зоорилж бэлдэн, нөөцөлсөн гэсэн албан бус мэдээлэл байна” хэмээн ҮСХ-ны статистикч Ю.Батзориг ярилаа.

Ikon.mn махны үнийн тухай цуврал сурвалжлагын үеэр аж ахуйн нэгжүүд мах нөөцлөөд дотоодод гэхээсээ экспортод гаргах сонирхолтой болсон тухай мэдээлж байв. Тодруулбал, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар “Энэ жил 10 мянган тонн нөөцийн мах бэлтгэх боломжтой. Гэхдээ ихэнх аж ахуйн нэгж нөөцийн мах бэлтгэхээс илүү экспорт хийх хүсэлтэй байгаа” гэж байв.

Гаалийн Ерөнхий газрын мэдээлэлд 2018 оны хувьд зөвхөн адууны мах Хятад руу экспортод гарчээ (адууны махны экспортын орлого 64 сая доллар). Харин үхэр болон хонь, ямааны мах өөр улсууд руу гарсныг мэдээлсэн. Монгол Улс өнгөрсөн жил махны экспортоос 400 тэрбумын орлого олоод буй.

Холбоотой мэдээ