М.Энхболдыг 66.2 хувийн саналаар УИХ-ын даргаас чөлөөллөө

2019-01-29 56 0

 УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар нэр бүхий 39 гишүүний өргөн барьсан УИХ-ын даргыг чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын чуулганаар М.Энхболдыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Өнөө өглөө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, нууц санал хураалтын үр дүнд М.Энхболдыг чөлөөлөх тогтоолын төслийг дэмжээгүй юм.

УИХ-ын даргыг чөлөөлөх эсэх саналыг нууцаар цахимаар авлаа. 

Санал хураалтад 65 гишүүн оролцсоноос 66.2 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөхийг дэмжлээ. Ингээд чуулганаар яригдсан зарим асуудлыг хүргэе.

Д.ЭРДЭНЭБАТ: ЖДҮХС-ГИЙН ЗЭЭЛИЙН ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАНДАА УУЧЛАЛ ГУЙЖ БАЙНА

МАН 2016 оны мөрийн хөтөлбөртөө төрийн дархлааг сайжруулна, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулна гэж амласан. Би мөрийн хөтөлбөрийн эдийн засгийн хэсгийг ахалсны хувьд та бүхэнд дахин сануулж байна. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчид одоо Монголд ажиллахаас айдаг боллоо. Энэ хэний буян бэ? Поп нөхдүүдийн буян шүү . Хувийн хэвшлээ дэмжихгүйгээр яаж улсаа хөгжүүлэх юм бэ?

ЖДҮХС-гийн зээлийн журамд өөрчлөлт оруулсандаа би уучлал гуйж байнаа. Би энэ шийдвэрийг гаргахдаа зээлийн хүү 3 хувь болсонд их олзуурхаж байсан. Гэвч цөөн тооны улс төрч зээлийн хөрөнгийг хуваан авна гэж бодоогүй. Иймд уучлал гуйж байна. Нэг хэсэг нв банкнаас 7 хувийн хүүтэй, нөгөө хэсэг нь 3 хувийн хүүтэй зээл авдаг байсан юм билээ. Би үүнийг нэгтгэхийг хүссэн юм.  12:43 өнөөдөр

Х.Болорчулуун: Хууль, шүүхэд шинэчлэлт хийх цаг болсон. Дорноговь аймагт хайгуулын тусгай зөвшөөрөлгүй ААН үйл ажиллагаа явуулах гэж байна. Гэтэл шүүх тэдний талд шийдвэр гаргасан.

Хэрэг хуучирдаггүй. Ц.Элбэгдоржийг үнэн дуудаж байна.

Ц.Цогзолмаа: УИХ-ын гишүүд энэ танхимд орж ирэхээрээ бүхнийг мэддэг болчих юм. Мөн хэлсэн үгнийхээ хариуцлагыг үүрдэггүй тул олон нийт итгэхэд бэрх зүйл ярих юм. М.Энхболд даргыг огцруулангуут бүх зүйл сайхан болох мэтээр битгий хуур.          

Л.Болд: УИХ-ын даргын эдлэх ямба бий. Гэхдээ энэ хүн УИХ-ын гишүүдтэй адилхан эрх эдэлдэг. Гэтэл манайд УИХ-ын даргаас буух нөхцөлийг ихээхэн хүндрүүлсэн. Хэрэв  өнөөдөр М.Энхболд даргыг авч үлдвэл дахин хувьсгал болох байх.

Ж.Мөнхбат: Дараагийн УИХ-ын дарга МАНАН дундаас тодрох ёсгүй. Энэ тохиолдолд би тэмцэнэ. 2004 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болж, МАН, АН хамтарсан Засгийн газар байгуулсан. Энэ Засгийн газарт ажилласан хүмүүс бүгд МАНАН-гийн төлөөлөгч мөн. Улс төрд олон жил ажилласан хүмүүс  энэ системийг яагаад өөгшүүлсэн бэ гэж би гайхдаг.

Я.Санжмятав: Би хөдөө явж байгаад ирлээ. Зуд турхан гайгүй байна. Гагцхүү төрийн ордонд зуд нүүрлэжээ. Хэдийгээр М.Энхболд даргыг огцруулах ч АН дараагийн удаад У.Хүрэлсүхэд хариуцлага тооцно.       

Ж.Батзандан: Ганцхан хүн Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авч чадахгүй. Цагаан суваргыг мөн нэг хүн авч чадахгүй. Төрийн банкнаас 20 тэрбум төгрөг гаргуулсан, Сүхбаатарын талбайн урд хэсгийн зарим газрыг хувийн хэвшилд өгчихсөн. Хөгжлийн банкнаас 1 тэрбум гаруй төгрөгийг хэдхэн компани хувааж авсан. Энэ бүхнийг МАНАН мафи хийсэн. Гэтэл үүнийг улстөрийн нөлөөгүй, шударга үйл явц гэх хүмүүс бий. МАНАН сандарч, М.Энхболд даргыг л унагаах гэж байна гэх мэдээлэл тарааж байна. Талбай дээр 11 хүн өлсгөлөн зарлаж байна. Хуулийн байгууллагад итгэдэг хүн байна уу? Судалгаа үгүй гэдгийг харуулж байна. Тэгэхэээр тэднээс шударга ёсыг хүлээх хэрэггүй. МАНАН-г нураах тэмцэлд нэгдээрэй. Биднийг хонгил руу оруулах юм гэсэн. МАНАН-гийн генералууд биднийг шоронд хорих гэж нойргүй хонож байгааг би мэднэ. Монгол ялна гэдэгт би итгэж байна. 

Асуулт асууж дууссаны дараа гишүүд үг хэлэв.  

О.Баасанхүү: Одоогийн тогтолцоог өөрчлөх ёстой. Гэхдээ тогтоолын төсөл өргөн барьсан 40 хүн тогтолцоог ашиглан, өөрчлөлт хийх хэрэгтэй. Машинаар нотлох баримт устгасан бол маш ноцтой зүйл. Үүнийг Ерөнхийлөгч, прокурорт шалгуулах нь зөв. УИХ шалгадаг газар биш. Т.Аюурсайхан гишүүн Тусгай хяналтын хороонд хандаачээ. ЖДҮ-чид дунд сайхан тэмцэгчид олон бий. Одоогоор 5 хүний л нэр ил болсон. МАН-ын дансыг би шалгуулна. Би АТГ-д өгсөн ч миний хүч хүрэхгүй байна. Албан тушаалд орох, төрөл саднаа ажилд оруулах гэж мөнгө өгсөн тохиолдол МАН дотор байгаа эсэх талаар МАН-ын гишүүд надад мэдээлэл өгөөч. Энэ тогтоолын төслийг 40-үүлээ өргөн барьсан гэхээр та нар хүчтэй байна. Гэхдээ та нар жул үндэслэл ярьу байгаад би эгдүүцсэн. Та нарыг ах нар хийсгээд байгаа шүү. Би 41 дэх гишүүн болоогүй ч зөв зүйл ярьвал дэмжинэ.  Та нарын мэдэгдэл бүр эсрэг талд нотолгоо болно.     

УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр төрийн удирдах албан тушаалыг үнэлэх замаар сонгуулийн санхүүжилт босгох төлөвлөгөө буюу “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө УИХ-ын даргыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой хэмээн нэр бүхий 39 гишүүн энэ сарын 25-нд тогтоолын төслийг өргөн барьсныг Л.Оюун-Эрдэнэ гишүүн танилцууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр О.Баасанхүү гишүүн, “УИХ-ын дарга М.Энхболд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн компани худалдан авсан хэрэгтэй холбоотой юу. Үүнийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан уу” хэмээн тодрууллаа.

Л.Оюун-Эрдэнэ гишүүн, “Бид УИХ-ын дарга ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс ч хоёр удаа жагсаал, цуглаан зохион байгуулсан юм. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай шууд хамааралтай гэж хэлэхгүй. Саяхан тус үйлдвэрийн 49 хувийг Сингапурын компани худалдан авсан тухай мэдээлэл гарсан. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд О.Баасанхүү гишүүн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Харин УИХ-ын дарга М.Энхболд, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн компани авсан талаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2016 онд олон нийтэд мэдээлсэн. Тухайн үед УИХ-ын сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байсан юм. МАН 2016 оны сонгуулиар УИХ-д олонх болсны дараа ажлын хэсэг гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалган, улмаар төрийн мэдэлд авах тогтоол гаргасан ч шүүх байгууллага дээр гацаж байна” хэмээв.

Түүнчлэн Д.Эрдэнэбат гишүүн, “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Гэтэл УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт төрийн эрх барих дээд байгууллагын тогтвортой ажиллах боломжийг үгүй болгож байна. Дараагийн УИХ-ын дарга үүрэгт ажлаа хүлээн авсны дараа бусад гишүүд эсэргүүцэж, гарын үсэг цуглуулаад өргөн барихад мөн л чөлөөлнө гэсэн үг” гэлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, “Улс төрийн нөхцөл байдал намжсаны дараа энэхүү хуулийг хэрхэн өөрчлөх талаар УИХ-ын гишүүд, намын бүлгүүд ярилцах хэрэгтэй” гэв.

Харин Л.Оюун-Эрдэнэ гишүүн, “Би Д.Эрдэнэбат гишүүнтэй санал нэг байна. УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаас өмнө М.Энхболд дарга ёс зүйн хариуцлага хүлээж, өөрөө өргөдлөө өгөх хэрэгтэй байсан” хэмээсэн юм.

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хууль анх удаа хэрэгжиж байна. Ерөнхийлөгчид баяр хүргэе. УИХ анх удаа Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжиж байна, бас баяр хүргэе. Энэ хүнийг огцруулснаар Монгол сайхан болно гэдгийн нь харж л сууя. Энэ байдал хэвээр үргэлжлэх юм бол дараагийн УИХ-ын дарга нь хэн бэ. Нэгээр цадаж, хоёроор бүү хуураарай. Дараагийн хүнд маш их ач холбогдол өгнө. Яасан ч ховхорч болдоггүй суудал бэ. Сандал суудлын төлөө УИХ нь бүтэн гурван сар ийм байдалтай байна. Миний харж байгаагаар, УИХ-ын дарга гэдэг бол нэвтрүүлэгч юм билээ. Хүмүүсийн бэлдэж өгсөн зүйлийг уншдаг л хүн юм билээ ш дээ. Энэ хүн Монголын ард түмнээс уучлалт гуйх хэрэгтэй.

Холбоотой мэдээ