Аяллын хөтөч тайлбарлагчийн анхдугаар чуулган боллоо

2018-11-27 69 0

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын мэргэжлийн хөтлөгч тайлбарлагчдын холбоо, аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэгч “Травэл Хаб Монголиа” компаниуд хамтран “Аяллын хөтөч тайлбарлагчдын анхдугаар чуулган”-ыг зохион байгуулж байна. Тус чуулганд аяллын хөтөч тайлбарлагчаар ажилладаг 200 гаруй хүн оролцож байгаагаас гадна тэднийг ажлын байраар хангадаг тур оператор компаниуд, үйлчилгээ үзүүлдэг амралтын газрууд, жуулчны бааз, зочид буудал, зоогийн газрууд болон энэ чиглэлээр дагнан ажилладаг аялал жуулчлалын багш, судлаачид өөрсдөд тулгарч буй асуудлуудаа хэлэлцэн ойлголцлоо нэгтгэхээр чууллаа.

Энэ удаагийн чуулганыг “ХАМТДАА СУРАЛЦЪЯ, ХӨГЖЬЕ” гэсэн уриатайгаар зохион байгуулж байна. Тухайлбал, Монголын аялал жуулчлалын салбарт эх орныхоо нүүр царай болж явдаг, хамгийн чухал үүргийг гүйцэтгэж буй аяллын хөтөч тайлбарлагч нарын өнөөгийн нөхцөл байдлыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулахын тулд оролцогчдод урьдчилан бэлдсэн санал асуулга тавьсан бөгөөд үүний үр дүнг танилцуулахын зэрэгцээ олон улсад өрсөлдөх чадвар ямар байгаа зэрэг олон асуудлыг хэлэлцэж байгаа юм.

 

Монгол Улсад одоогийн байдлаар жуулчны улирлын туршид 600 гаруй аяллын хөтөч тайлбарлагч ажилладаг гэсэн тооцоо бий. Мөн жил бүр 100-150 аяллын хөтөч, тайлбарлагч тус салбарт шинээр ажиллахаар орж ирдэг байна. Эдгээр хөтөч, тайлбарлагч мэргэжлийн түр сургалтаар анхан шатны мэдлэг ур чадвар олж авдаг бөгөөд улирлын чанартай , аяллын давтамжийн онцлог зэргээс шалтгаалан ихэнхдээ мэргэжлийн бус хүмүүс ажиллах нь их байдаг аж. Энэ нь гадаадын жуулчдад улсыг төлөөлж буй хөтөч залуучуудын мэргэжлийн ур чадвар хүрэлцэхгүй, өөр салбарын боловсон хүчин түр ажлын байр гэсэн утгаар ханддаг, аялал жуулчлалын сургуулиудад элсэлт байхгүй зэрэг шалтгаануудаас улбаалан нийт аялал жуулчлалын салбарын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг болж байна.

Мөн эдгээр хүнийг ажиллуулж байгаа аялал жуулчлалын компаниудын улирлын чанартай ажилладаг онцлог байдал нь ажиллаж байгаа ажилтнуудынхаа эрүүл мэнд, нийгмийн даатгалын асуудлыг ажилласан саруудад нь төлдгөөс болж нийгмийн баталгаа нь бүрэн дүүрэн хангагдахгүй байгаа бөгөөд энэ нь өнөөгийн манай нийгмийн даатгалын хууль эрх зүйн тогтолцооноос шууд хамааралтай байгаа юм.

Чуулганаар эдгээр асуудлыг тодорхойлон төрийн болон төрийн бус байгууллагууд хэрхэн энэ тал дээр хамтарч ажиллах тал дээр байр сууриа нэгтгэх чухал үр дүнг гаргахыг зорьж ажиллаж байна.

Холбоотой мэдээ