АНУ “Boeing 737 Max” онгоцны бүх нислэгийг зогсоожээ

2019-03-14 43 0

“Ethiopian Airlines” компанийннисэх онгоц осолдсон шалтгааныг мөрдөн шалгах явцад шинэ мэдээлэл олдсонтой холбогдуулан “Boeing”компани дэлхий даяарх “737 Max” загварын онгоцны нислэгийг зогсоох шийдвэр гаргасан байна. АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч тус компанийн мэдээлснээр, дэлхий даяарх “737 Max” загварын 371 онгоцны нислэгийг түр хугацаагаар зогсоож байгаа аж. “Хиймэл дагуулын мэдээллийг нягтлахад шинэ мэдээлэл олдсон тул нислэгийг түр хугацаагаар хориглож байна” гэж АНУ-ын Нисэхийн удирдах газраас мэдээлсэн байна. Дэлхийн олон оронд энэхүү шийдвэрийг хэдийнэ гаргаад байсан юм. Өнгөрсөн ням гарагт Этиопын нийслэл Аддис Абеба хотод нисэх онгоц осолдсоны улмаас 157 хүн амиа алдсан билээ. Өнгөрсөн онд Индонезид ижил загварын нисэх онгоц осолдож, 189 хүн амиа алдсанаас хойш таван сарын дараа дээрх осол гарсан юм. АНУ-ын Нисэхийн удирдах газрын мэргэжилтнүүдийн олсон мэдээллээс үзвэл дээрх осолдсон хоёр онгоцны нислэгийн траектор болон ослын шалтгаан зарим талаараа маш төстэй байсан ажээ. Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагийн орой мэдэгдэхдээ, ослын газар болон бусад байршлаас шинэ нотлох баримтын талаарх мэдээлэл ирсэнтэй холбоотойгоор “Boeing 737 Max8, 9” загварын онгоцны нислэгийг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг АНУ-ын Нисэхийн удирдах газар гаргасан гэжээ.

Холбоотой мэдээ