Авлигын эсрэг хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй байна

2019-01-29 47 0

АТГ-ын явуулсан хяналт шалгалтаар НЗДТГ болон түүний харьяа байгууллагын хоёр удирдах албан тушаалтны 2016, 2017 оны ХОМ-д ноцтой зөрчлүүд илэрчээ.

Тодруулбал, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл өөрийн өмчлөлд бүртгэлтэй 1001.9 метр хавтгай дөрвөлжин талбай бүхий 100.3 сая төгрөгөөр үнэлсэн орон сууц, гэр бүлийн өмчлөлд бүртгэлтэй 5.5 сая төгрөгийн үнэтэй “Toyota Harrier” маркын автомашин, 2017 онд бусдад автомашин худалдсан 22 сая төгрөгийн орлого зэргээ ХОМ-т бөглөөгүй аж. Мөн гэр бүлийн гишүүнийхээ Улаанбаатар хотын банк дахь хадгаламжийн үлдэгдлээ мэдүүлээгүй зөрчил илэрчээ. Мөн тэрбээр өөрийн үүсгэн байгуулж, 100 хувь эзэмшдэг “Дөлгөөн барс” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг бусдад хэлбэр төдий шилжүүлсэн буюу тус компанийн орлого, зарлагын гүйлгээг өөрийн хувийн дансаар өдөр тутамд гүйцэтгэж байгаа нь тогтоогджээ.

Харин Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа өөрийн өмчлөлд бүртгэлтэй Lexus RX 350 маркын автомашиныг худалдсан 15 сая төгрөгийн орлого, Төрийн банк дахь дансаар хүлээн авсан 20 сая төгрөгийн цалингийн зээлээ мэдүүлээгүй бөгөөд үйл ажиллагааны орлого хэсэгт үндэслэлгүйгээр 50 сая төгрөгийн илүү орлого мэдүүлсэн нь тогтоогджээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх хөрөнгөө түрээслэсэн 36 сая төгрөгийн орлогоос 24 саяыг нь мэдүүлээгүй аж. Мөн “Солид контентс”, “Аква Монгол” ХХК-иудын захирлаар бүртгэлтэй байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн байж болзошгүйг АТГ-аас мэдээллээ.

Авлигын эсрэг хуулиар нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах зохицуулалттай байдаг.

Энэ дагуу АТГ-аас дээрх албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх шаардлагыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатад өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-нд тавьсан ч, гурван сар цалингийн хэмжээг 30 хувиар бууруулсан арга хэмжээ л авчээ. Хуулийн дагуу арга хэмжээ тооцоогүй тул АТГ-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд  хуулийг хэрэгжилт хангуулах тухай хугацаат албан бичиг хүргүүлсэн байна.

Хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцсон талаар АТГ-т энэ сарын 18-нд мэдэгдэх ёстой ч одоог хүртэл хариу ирүүлээгүй байна.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 

Холбоотой мэдээ